Гар ариутгах бодисыг биедээ байнга авч явахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-16 14:17:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар “Эрдэнэт” сувилал цогцолборын Уушиг, дархлаа судлаач эмч Т.Соёлмаа зөвлөж байна.

Тэрээр юуны өмнө коронавирусний халдварт өртөхгүй байж, дархлаа сэргээх, өөрийгөө хамгаалах нь иргэн бүрийн үүрэг гэдгийг онцолоо. Тиймээс өдөр тутамдаа баримталж, хэвшүүлэх ахуйн ариун цэвэр сахих мэдлэг, санамжийг хүн бүр эзэмших ёстойг анхааруулсан юм.

Коронавирус нь амьсгалын замаар халдварладаг бусад өвчний адил ойрхон зайнаас ярилцах, найтаах зэрэгт агаар дуслын замаар тархаж, хүнээс хүнд дамждаг өвчин.  Тиймээс ч дэлхийн олон оронд тархаж, халдвартай хүний тоо нэмэгдэж байна. Манай улсад нэг тохиолдол бүртгэгдээд байгаа боловч тархалт, халдварыг зогсоож, урьдчилан сэргийлэхийн тулд нэн түрүүнд олон нийтийн газраар онц шаардлагагүй бол очихгүй байх зөвлөгөөг чанд мөрдөхийг санууллаа.

Бага насны хүүхдүүдийн тоглоом болон хичээлийн хэрэглэл зэргийг байнга угааж, цэвэрлэх, гэрийн хаалганы бариул болон бусад металл гадаргуут эд зүйлсэд чийгтэй цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх, өрөөний салхивчийг ойр ойрхон нээн цэвэр агаар оруулж байх шаардлагатай гэлээ. Мөн гадаа талбайд явж буй үедээ хаалга хана болон металл гадаргууд хүрэлцэх, гараа хүргэх зэргээс зайлсхийж, нэг удаагийн бээлий ашиглахыг санууллаа. Санитол болон бусад гар ариутгах бодисыг биедээ байнга авч явж хэрэглэх нь вирусээс хамгаалах сайн арга гэдгийг дахин дахин зөвлөж байна.

Агаар салхинд гарах, цэвэр агаар амьсгалах, ууланд алхах, дасгал хөдөлгөөн хийх нь юу юунаас илүү чухал. Хавар цаг ирж буй тул дархлаа дэмжих амин дэм, жимсний шүүс зэргийг түлхүү хэрэглэх, 15 минут тутамд бүлээн ус тогтмол ууж хэвшихийг анхааруулж байна. Эдгээр зөвлөгөөг өдөр тутам хэрэгжүүлж, мөрдөх нь коронавирусний халдвараас өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга гэдгийг Т.Соёлмаа эмч зөвлөж байна. 

相关新闻