“Бэкко” ХХК өдөрт 150 ширхэг хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Уул уурхай болон химийн хорт бодис, малын гоц халдварт өвчний үед өмсөх хамгаалалтын хувцас үйлдвэрлэдэг “Бэкко” ХХК өдөрт 150 ширхэг хувцас үйлдвэрлэж байна. “COVID 19” өвчлөлийн энэ үед эрүүл мэндийн салбарт хамгаалалтын иж бүрэн хувцас нэн шаардлагатай байна.
Тэгвэл дээрх компани 2019 онд үйл
ажиллагаагаа эхлүүлсэн ч өдгөө 10 гаруй ажилтантай болж өнгөрсөн сард ЭМЯ-нд 100
ширхэг хамгаалалтын хувцас хандивлажээ. Хэрэв түүхий эдийн олдоц сайн бол өдөрт
300 ширхэгийг ч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Цаашид хамгаалалтын нүдний шил,
чихэвч, амны хаалт, малгай үйлдвэрлэх зорилт тавьжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцад таван жил инженерээр
ажилласан Б.Бэхбаяр өнгөрсөн онд
ажлаасаа гарч хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Тэрээр “Бэкко” ХХК-ийг үүсгэн байгуулж хамгаалалтын хувцас, хэрэглэл оёж
эхэлжээ. Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” тус компаниас худалдаанд гаргахад бэлэн
болсон 400 ширхэг хамгаалалтын хувцсыг нь худалдаж авсан байна. Одоогоор 10
мянган ширхэг хувцас оёх захиалга аваад байгаа аж. Тус компани 5-6 төрлийн
хувцас оёж байна.
Дэлхий нийтээр “COVID 19” өвчлөлийн эсрэг ажиллаж буй энэ үед Монголдоо
хамгаалалтын хувцас нийлүүлэхээр “Бэкко” ХХК-ийнхан шаргуу ажиллаж байна.
Монголд ийм төрлийн хувцас оёдог гурван л компани байдаг. Үүний нэг нь “Бэкко”
ХХК юм. Үлдсэн нь Өмнөговь аймагт байдаг ажээ. Тэд бүтээгдэхүүнээ “Оюу толгой”
ХХК-д нийлүүлдэг байна.
Цаашид тус компани Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн Үндэсний
хүрээлэнтэй хамтран ажиллах бүрэн боломжтой аж. Мөн 2021 онд баруун аймагт
салбараа нээх зорилт тавьжээ. Мал Эмнэлгийн Ерөнхий газар жилд дунджаар 160
мянган ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас худалдан авдаг байна.
