Турк улс Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд боловсрол олгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-28 13:30:07

АНКАРА. /Anadolu/. Сургуулийн насны 756 808 сири хүүхэд Туркт байгаагаас 325 000 хүүхдийг сургуульд суралцуулж байна гэж Туркийн Үндэсний боловсролын сайд Наби Авци мэдэгдэв.

Тэрбээр Туркийн парламентад үг хэлэхдээ, Сирийн 75 мянган хүүхдийг улсын сургуулиудад оруулсан бол 250 мянган хүүхдийг боловсрол олгох түр төвүүдэд сургалтад хамруулж байна гэж мэдэгджээ.

Мөн сургуулийн насны сири хүүхдүүдэд үнэгүй боловсрол олгоход саад болж буй хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон бөгөөд одоо сири хүүхдүүд Туркийн Үндэсний боловсролын яамны харьяанд байдаг боловсролын бүх байгууллагуудад элсэн суралцах боломжтой болсон гэж Боловсролын сайд мэдэгдсэн байна.

Үүнээс гадна бүх насны сири дүрвэгсдийн хувьд олон нийтийн сургалтын төвүүд дэх турк хэлний курс зэрэг сургалтад хамрагдах боломжтой. Ийм төрлийн сургалтад хамрагдаж буй 130 мянга гаруй сири иргэд бий гэж тэрбээр мөн дурдлаа.

Туркийн Адана, Адияаман, Батман, Диярбакыр, Газиантеп, Хатай, Стамбул, Кахраманмараш, Кайсери, Килис, Конья, Малатья, Мардин, Османие, Сиирт, Сирнак, Шанлыурфа зэрэг мужуудад боловсролын 375 түр төвийг байгуулжээ.

Д.Нямтулга

 

相关新闻