Зарим аж ахуйн нэгжүүд махны үнээ бууруулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Иргэдээс сүүлийн үед хамгийн ихээр ирүүлж буй санал хүсэлтийн нэг нь махны үнэ өсч байгаа талаарх мэдээлэл юм.
Орон нутгийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс нөөцийн мах худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Аймгийн Засаг даргын захирамжаар өргөн хэрэглээний барааны үнэнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Тухайн ажлын хэсэг махны худалдаа эрхлэгч, дэлгүүр, захуудын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар махны хэрэгцээг хангах, үнийн өсөлтийг барих үүднээс дээрх хугацаанаас өмнө буюу энэ сарын 13-наас "Гүүд рүүт интертрейднг" ХХК буюу махны үйлдвэр хонины махыг 9100-аас 8900 төгрөг, ямааны махыг 8100-аас 7900 төгрөг болгон тус бүр 200 төгрөгөөр үнийг бууруулж борлуулахаар боллоо.
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг цаашид үнийг тогтворжуулах чиглэлээр шат дараатай ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.