Завханы нийт нутгаар цасан бүрхүүлтэй хаваржилт хүндрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Завхан
аймгийн нийт сумын нутгаар цасан бүрхүүлтэй, харин Дөрвөлжин сумын нутгаар цасан
бүрхүүлгүй байгаа мэдээллийг аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас
өглөө.
Цасны дундаж зузаан 2-37см, дундаж нягт 0,12-0,25гр/см3 байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд цагаан зудтай 15 сум, цагаанаар зудархуу дөрвөн сум байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сум нэн хүнд байгаа. Харин Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг буюу Дархан-Уул, Нуур багууд, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумын нутаг дэвсгэр цагаан зудтай. Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сум цагаанаар зудархуу байна.
Цагаанаар зудтай болон зудархуу бүс нутгийн мал
өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга
тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна. Нийт сумдын нутгаар нэгээс таван
удаагийн оролтоор 0.0-2,5 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Их-Уул
суманд 2,5мм, Цэцэн-Уулд 2,2мм тунадас оржээ. Харин Дөрвөлжин,
Улиастай, Алдархаан, Сантмаргаз суманд цас ороогүй. Олон жилийн дундажтай
харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ. Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Сонгино, Их-Уул сумын нутгаар олон жилийн
дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд болон
Хангайн уулархаг нутгаар 11-17 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн буюу
нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.
Гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт өдөртөө дулаарч шөнөдөө хүйтэрнэ
Завханы нийт нутгаар гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний
эрч суларч Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17
градус хүйтэн байна.
Нутгийн баруун болон өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус
хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө
4-9 градус хүйтэн байна.
Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч нутгийн
хойд болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус
хүйтэн, нутгийн баруун болон өмнөд хэсгээр шөнөдөө
1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12
градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Бусад хугацаанд Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, нутгийн баруун болон өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
Нийт нутгаар цасан бүрхүүлтэй, өдөртөө огцом дулаарснаас шөнөдөө хүйтэрч цас хатуурч мөстөж байна. Тиймээс мал аж ахуйд нөлөөлж мал бэлчихэд хүндрэлтэй болж байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.