Ариутгал халдваргүйтгэлд хяналт тавих ажлын хэсгүүдийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлд хяналт тавих, иргэдэд заавар зөвлөгөө өгч, бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулаад байна.
Арвайхээр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонот өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллага таван ажлын хэсэгт хуваагдаж, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй 700 орчим үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллах юм.
Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Ажлын хэсгээс тавьсан шаардлага, эрүүл ахуй, халдвар хамгаалал, халдваргүйтгэл, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэн, байгууллагад хариуцлага тооцож, иргэд, олон нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах, эрх хасах хүртэлх албадлагын арга хэмжээ авахыг анхааруулж байна.