Дэлхийн хэмжээнд парацетамолын хомсдол үүсэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-05 13:31:36

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний тархалттай тэмцэх хүрээнд Италийн эрх баригчид энэ сарын эхний хагас хүртэл бүх дунд сургууль болон их сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ. 


Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өвчний дэгдэлттэй тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдээ удахгүй танилцуулж магадгүй байна. Тухайлбал, эрх баригчид Милан хотоос холгүй Бергамо хотод хөл хорионы бүсийг өргөжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.


Хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүд нь орон даяар 30 хоногийн хугацаатай үйлчилнэ. Үүнээс гадна гудамжинд таарсан хүмүүсийг хоорондоо мэндлэхдээ гар барилцах, тэврэлдэх болон үнсэлцэхийг нь хориглож магадгүй байна.


Мөн 75-аас дээш насны хүмүүс болон эрүүл мэндийн асуудалтай байгаа 65-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөх ажээ.


Израил шинээр хязгаарлалт тогтоожээ

Израил улс Франц, Герман, Испани, Австри, Швейцараас ирэх иргэдэд зориулан шинэ хязгаарлалтын арга хэмжээ танилцуулжээ. Үүнтэй холбоотойгоор Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, эдгээр улсаас ирж буй иргэд Израилийн хилээр нэвтрэхдээ тусгаарлалтад хамрагдана гэдгээ амлах ёстой гэжээ. Түүнчлэн эдгээр улсаас ирсэн иргэдээ 14 хоногийн хугацаанд хөл хорионд оруулна гэдгээ мэдэгдсэн байна.


Дэлхий дахин парацетамолын хомсдолд орж болзошгүй байна

Коронавирусний тархалт нь үндсэн хэрэглээний эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд хүргэж болзошгүй байна. Энэ нь дэлхийд хамгийн томд тооцогддог эм бэлдмэлийг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч Энэтхэг улс эмийн экспортоо зогсоох шийдвэр гаргасантай холбоотой юм.


Энэтхэгийн дэлхийн зах зээл дэх эмийн нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалт нь 26 төрлийн эм бэлдмэлийг хамарчээ. Эдгээр эм бэлдмэл дунд дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг парацетамол болон тинидазол, эритромицин зэрэг хэд хэдэн төрлийн антибиотикууд багтаж байна.


Энэтхэгт үйлдвэрлэгддэг эм бэлдмэлийн найрлагын 70 хувийг БНХАУ хангадаг. Харин БНХАУ-д коронавирусний улмаас олон эмийн үйлдвэр хаагдаад байгаа юм.


Бэлэн эмийн бүтээгдэхүүний нөөц гурван сарын хугацаанд хийх нийлүүлэлтэд хүрэлцэхүйц хэмжээнд байгаа учир сандрах шаардлага байхгүй гэж Энэтхэгийн эрх баригчид үзэж байна. Гэсэн хэдий ч экспортыг зогсоох нь үндсэн эмийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэх нь гарцаагүй юм хэмээн Оксфордын их сургуулийн эдийн засагчид анхааруулж байгаа аж.


Францад амны хаалтыг олноор нь хулгайлсан гэж үзэж байна

Францын Засгийн газар амны хаалт, гар халдваргүйжүүлэгчийн борлуулалт, хуваарилалтад хяналт тавих хатуу арга хэмжээ авна. Өмнө нь тус улсын хоёр эмнэлэгт 10 мянган амны хаалт хүрэлцэхгүй байгаа тухай мэдээлжээ. Амны хаалтыг олноор нь хулгайлсны улмаас ийм байдалд хүрлээ гэж эрх баригчид үзэж байгаа аж. Түүнчлэн 1200 орчим савласан гар халдваргүйжүүлэгч алга болжээ. 


Үүнтэй холбоотойгоор эрх баригчид эмнэлгийн зориулалттай амны хаалтны нөөц дуусаж байгааг мэдэгдэж, сандралд автан амны хаалт олноор нь худалдан авахгүй байхыг иргэдээсээ хүссэн байна. 

相关新闻