Малайзын улс төрд ноёрхлоо тогтоосон Махатхир Мохамад
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР. /BBC/. Малайзын улс төрд олон арван жилийн турш ноёрхлоо тогтоосон хүн бол өдгөө 94 настай Махатхир Мохамад юм. 2018 онд Ерөнхий сайдаар сонгогдсон тэрбээр 2020 оны хоёрдугаар сард эрх баригч эвсэл задарсны улмаас албан тушаалаасаа огцроход хүрчээ.
М.Мохамад өмнө нь
1981-2003 онд Ерөнхий сайдын албыг хашиж байжээ. Тэрбээр 2018 онд төрийн
сангаас олон зуун сая ам.долларыг шамшигдуулсан хэрэгт холбогдсон Ерөнхий сайд Нажиб
Разакийг албан тушаалаас нь буулгахын тулд улс төрд эргэн иржээ.
М.Мохамад “Pakatan
Harapan” эвслийн дарга асан Анвар
Ибрахимтэй хамтран Н.Разакийг албан тушаалаас нь буулгажээ. Гэсэн хэдий ч уг
холбоо дотоодын зөрчилдөөнөө зохицуулж чадалгүй М.Мохамадыг огцруулснаар
“Pakatan Harapan” эвсэл задрах
нөхцөл бүрдэж, шинэ Ерөнхий сайдыг томилох боломж нээгджээ.
Уг үйл явц эхэлсэн даруйд М.Мохамадыг албан тушаалаас нь буулгаж, түүний намын гишүүн асан Мухиддин Яссин халааг нь авчээ. М.Мохамадын мэдэгдсэнээр, М.Яссины томилгоо хууль бус, урван тэрсэлсэн үйлдэл ажээ. М.Мохамад тэмцэхгүйгээр бууж өгөхгүй гэдэг нь тодорхой байгаа тул энэхүү үйл явдал цаашид удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Даруу эхлэл
“United Malays National Organisation” улс төрийн намд /UMNO/ 21 насандаа элссэн М.Мохамад 1964 онд парламентын гишүүн болжээ. Үүнээс өмнө тэрбээр өөрийн төрсөн Кедах мужид долоон жилийн турш эмчээр ажиллажээ.
М.Мохамад 1969
онд Ерөнхий сайд Тунку Абдул Рахманд хандан нээлттэй захидал бичсэнийхээ улмаас
гишүүний суудлаа алдаж, намаасаа хөөгджээ. Үүний дараа тэрбээр “The
Malay Dilemma” нэртэй маргаан
дагуулсан номоо бичиж, Малайз дахь ялгаварлан гадуурхах асуудлыг хөнджээ.
Ингэснээр М.Мохамад
“UMNO” намын залуу
удирдагчдын дэмжлэгийг авч, намдаа эргэн уригдаж, 1974 онд парламентын
гишүүнээр улиран сонгогдсоны зэрэгцээ Боловсролын сайдаар томилогджээ. Тэрбээр дөрвөн
жилийн дотор “UMNO” намын
орлогч дарга болтлоо дэвшиж, 1981 онд Ерөнхий сайд болсон байна.
Малайз улс М.Мохамадын удирдлага дор 1990-ээд онд Азийн эдийн засгийн бар орнуудын нэг болжээ. Түүний захиргаадалтын хэв шинжтэй боловч прагматик бодлогуудыг олон нийт ихэд дэмжжээ.
Ардчиллын төлөөх тэмцэл
Олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан Дотоодын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу сөрөг хүчний улстөрчдийг шүүх хуралд оруулахгүйгээр шоронд хорьж байв. Тэдгээрээс хамгийн их муу нэр зүүсэн тохиолдол нь эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийхийг 1998 онд уриалсан Шадар сайд Анвар Ибрахим үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, авлига болон өөр бусад хэрэгт буруутгагдан шоронд хоригдсон явдал байжээ.
М.Мохамадын хэлсэн Өрнөдийн талаарх ёжтой үгс хилийн чанад дахь түүний нэр хүндийг өсгөжээ. Жишээ дурдвал, тэрбээр 2003 оны 10 дугаар сард огцрохоосоо хэдхэн хоногийн өмнө, Еврейн нууц хуйвалдаан “дэлхийг захирч байна" хэмээн гадаадын хэд хэдэн орны Засгийн газар, Еврейн бүлэглэлүүдэд дургүйцлээ илэрхийлжээ. Мөн тэрбээр, өөрийн зорилгодоо хүрэх чухал ажлуудаа сайн гүйцэтгэж чадаагүйдээ сэтгэл дундуур байна гэж мэдэгджээ.
Мятаршгүй зүтгэл
М.Мохамад
тэтгэвэрт гарсныхаа дараа ч улс төрийн салбарыг орхиогүй бөгөөд тэрбээр өөрийн
халааг авсан Абдуллах Бадавиг ил тодоор шүүмжилдэг байв. 2008 онд эрх
баригч нам сонгуульд сулхан өрсөлдөөн үзүүлсний дараа М.Мохамад намаасаа гарсан байна. Үүнийг
А.Бадавиг огцроход шахалт үзүүлэх зорилготой байсан хэмээн үздэг. Ингэснээр
Н.Разак засгийн эрхэнд гарах нөхцөл бүрджээ.
М.Мохамад эхэндээ Н.Разакийг дэмжиж байсан боловч түүнийг авлигын хэрэгт холбогдсоны дараа бодлоо өөрчилжээ. Мөн М.Мохамад хэрэгт холбогдсон Н.Разакт шахалт үзүүлэх хангалттай дэмжлэгийг нам болон Засгийн газраас авчээ. Улмаар 2016 онд М.Мохамад болон түүнийг дэмжигчид гишгэх газаргүй болох үед тэрбээр нэр нөлөө бүхий дэмжигчдийнхээ хамтаар “UMNO” намаас гарч сөрөг хүчинтэй нэгджээ.
2018 оны
нэгдүгээр сард 92 настай М.Мохамад сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Тэрбээр тухайн оны тавдугаар сард түүхэн ялалт
байгуулж, 60 гаруй жилийн турш засгийн эрхийг барьсан хуучны холбоотнуудаа түлхэн
унагаасан байна. Тэрбээр А.Ибрахим болон бусад хэд хэдэн намтай хамтран “Pakatan
Harapan” эвслийг байгуулсан бөгөөд
уг эвсэл сүүлийн хоёр жилийн турш засгийн эрхийг барьжээ.
М.Мохамадыг энэ
оны хоёрдугаар сарын сүүлээр албан тушаалаас нь огцруулснаас хойш Малайзын улс
төрд үймээн дэгдээд байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр огцорсныхоо дараа А.Ибрахимтэй дахин нэгдсэн
гэдгээ мэдэгдэж, олонхын дэмжлэгийг авсан боловч Малайзын хаан Абдуллах Султан
Ахмад Шах Засгийн газрыг эмхлэн байгуулах хүнээр М.Яссиныг сонгожээ.