Чөлөөт бөхийн ахмадууд хүч сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-27 13:02:49

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо МЧБМХ-ноос мастеруудын УАШТ-ийг анх удаа зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.

Манай улсад анх удаа болсон "РИО-2016" зуны олимпийн наадмын эрхийн төлөөх дэлхийн тэмцээний дараа болсон уг тэмцээнд нийт 142 ахмад бөх өрсөлдсөн бөгөөд гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон байв. Тухайлбал, үндэсний бөхийн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нар барилдлаа. Хамгийн ахмад бөх нь 73 настай ахмад дасгалжуулагч Т.Батчулуун байсан бол 67 настай гавьяат тээвэрчин, спортын мастер Д. Намхайдорж төрсөн хүү Н.Очирхуяг, Н.Ганхуяг, ОУХМ Х.Ганболд төрсөн дүү дэд мастер Х.Ганбатын хамт ахмадын энэ тэмцээнд оролцлоо.

Нийслэлийн дүүргүүд, клубүүдээс гадна Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Увс аймгаас ахмад бөхчүүд ирсэн юм. Ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57 наснаас дээш гэсэн 4 насны ангиллаар 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг-д өрсөлдлөө. Барилдаан 4 минут буюу 2 минутаар 2 үе, дундаа 30 секундын завсарлагатай болов. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа ажилласан юм. Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд Варшав хотноо 10 дугаар сард болох ахмадын ДАШТ-д оролцоно.

МЧБМХ-ноос “Мастеруудын алдар” одонгоор ахмад дасгалжуулагч Т.Батчулууныг, “Мастеруудын холбооны тэргүүний ажилтан” цолоор ахмад бөх Д.Алтаншагайг, МҮОХ-ноос “Олимпийн алдар” одонгоор МЧБМХ-ны ерөнхийлөгч Б.Өнөбаатарыг, “Алтан медаль”-иар ахмад бөх Ц.Анхбаяр, Ш.Пэрэнлэй, П.Сумьяа нарыг, МЧБХ-ноос “Ялалт” одонгоор ахмад бөх Б.Жавхлантөгс, Ө.Насанжаргал, Д.Намхайдорж нарыг, “Чөлөөт бөх 50 жил” медалиар М.Дамчаадорж, Лхагвасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ нарыг, ОУХМ цолоор Д.Занданбат, Т.Батнасан, Х.Нямдорж нарыг, спортын мастер цолоор Ө.Ганбаярыг шагналаа.

Тэмцээний өндөр техник үзүүлсэн уран барилдаанч бөхийн шагналыг Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномд олгожээ. Хэнтий аймгаас ирсэн 5 бөх тавуулаа медаль хүртсэн бол “Цастын барс” клубийн бөхчүүд 6 медаль буюу хамгийн олон медалийг хүртсэн байна. 1965 онд болсон чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-ий 52 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан спортын мастер О.Бямбаа зодоглож 57-гоос дээш насны ангиллын 63 кг-д мөнгөн медаль хүртлээ.

Д.Өлзий

相关新闻