Арвайхээрээс хоёр цагийн хооронд 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын
замын хөдөлгөөнийг өнөөдөр нээгээд байна. Өглөөний 06-09 цагийн байдлаар Арвайхээрээс зүүн
чиглэлд 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэн замын хөдөлгөөнд зорчжээ.
Мэргэжлийн
хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын
цэгүүдээр нэвтэрч
буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал, эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн
асуумжийн хуудас” бөглүүлж байгаа юм. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн
14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэж байгаа
аж. Мөн эрүүл мэндийн
байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байна. Өвөрхангай аймгийн
хэмжээнд хяналтын 20 цэгийг ажиллуулж байгаа бөгөөд байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 алба
хаагч үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос
урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.




