Афганистаны сөргөлдөгч талуудын хэлэлцээ хойшилж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА /Катар/. /TASS/. АНУ болон “Талибан” бүлэглэлийн хооронд байгуулсан найрамдлын гэрээнд заасны дагуу хоригдлуудыг энэ сарын 10 гэхэд суллаж амжихгүй бол Афганистаны Засгийн газартай хийх хэлэлцээг хойшлуулж магадгүй гэж Катар дахь талибуудын албан ёсны төлөөлөгч Мохаммад Сохаил Шахин мэдэгджээ.
“Хэлэлцээг гуравдугаар сарын 10-нд эхлүүлж магадгүй боловч нэг болзол бий. Афганистаны эрх баригчид "Талибан" хөдөлгөөний 5000 хоригдлыг, харин бид тэдний 1000 хоригдлыг суллах ёстой. Энэ бол илтгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ юм. Энэ үйл явц дууссаны дараа бид Засгийн газартай хийх хэлэлцээг эхлүүлнэ, харин удааширбал хойшлуулж магадгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, талууд Афганистаны Засгийн газарт исламын шашны гүйцэтгэх үүргийг хэлэлцэх аж.
АНУ болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид өнгөрөгч бямба гарагт Катарын нийслэл Доха хотод найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээнд АНУ Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд хэлэлцээ хийж дууссаны дараа эмхлэн байгуулах шинэ Засгийн газрын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг хүлээжээ.