Сирийг сэргээн босгох 850 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-04-26 15:14:31

МОСКВА. /Anadolu/. Дайны хөлд сүйдсэн  дэд бүтцийг сэргээхэд чиглэсэн 850 сая еврогийн хэлэлцээрт ОХУ болон Сири гарын үсэг зурлаа хэмээн Сирийн Ерөнхий сайд Ваел Ал Халаки мэдэгдсэнийг Оросын “РИА” мэдээллийн агентлаг иш татан мэдээлжээ.

“Дэд бүтцийг сэргээх асуудлыг ОХУ-ын тал нааштай хүлээн авсан бөгөөд нэг нь 600 сая евро нөгөө нь 250 сая еврогийн үнэ өртөгтэй 2 гэрээнд гарын үсэг зурсан” гэж Халаки-гийн хэлснийг "РИА" иш татжээ.

5 жилийн турш үргэлжилж буй дайны хөлд сүйдсэн Сири улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 19 хувиар буураад байгаа юм.

Ал Халаки-гийн ярьснаар, "Интер РАО" компанийн Сирид барих "Tishreen-3" цахилгаан станцын барилга угсралтын ажлыг санхүүжүүлэх хэлэлцээ эцсийн шатандаа ороод байна гэжээ.

Ал Халаки Оросын компаниудад хандан Сирийн эрчим хүч, газрын тос олборлолт болон харилцаа холбооны төслүүдэд оролцохыг уриалжээ.

Х.Сарнай

 

 

 

 

相关新闻