Энэтхэг улс Хятадын импортыг хязгаарлаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШИНЭ-ДЕЛИ. /Zeenews/. Энэтхэгийн Засгийн газар цахилгаан бараа, гар утас, сүү сүүн бүтээгдэхүүн болон зарим төрлийн гангаар хийсэн эд зүйлсийг БНХАУ-аас импортлохыг хориглолоо.
Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүй байгаа тул БНХАУ-аас импортлохыг хориглосон гэж Энэтхэгийн Худалдааны сайд Нирмала Ситараман мэдэгдэв.
Хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг таних олон улсын дугаар буюу “IMEI” кодгүй эсвэл аюулгүй байдлыг хангах технологигүй гар утаснуудыг Хятадаас импортлохыг мөн хоригложээ.
Бид ямар нэг оронтой дипломат, газар нутгийн эсвэл цэргийн маргаантай байсан ч гэсэн Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу тэдгээр улсын импортыг бүрэн хориглох боломжгүй гэж Худалдааны сайд парламентын доод танхимд үг хэлэхдээ мэдэгджээ. Мөн тэрбээр, 2015-2016 оны хугацаанд Хятадтай хийсэн худалдаанаас Энэтхэг улс 48.68 тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт мөн хугацаанд 65.16 тэрбум доллар байсан гэдгийг дурдлаа.
“БНХАУ-аас Энэтхэгт нийлүүлж буй экспортын бүтээгдэхүүний ихэнх хувийг харилцаа холбоо болон эрчим хүч зэрэг хурдацтай тэлж байгаа салбарын эрэлтийг хангах зорилгоор худалдан авч бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Энэтхэгээс Хятад руу хийж байгаа экспортын ихэнхийг анхан болон дунд шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний улмаас Хятадтай хийж байгаа худалдааны алдагдал нэмэгдэж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга