Д.Гэрэлт-Од: Хөдөлмөр шингэсэн ажил амттай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/Төв суурин газрынхан хашаандаа сайхан амьдрах боломж бий. Энэ боломжийг ажил хэрэг болгож байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багийн иргэн Д.Гэрэлт-Одтой ярилцлаа. Тэрээр хашаандаа мод тарьж, хүлэмжинд хүнсний ногоо тариалан өрхийн хэрэгцээгээ хангаж буй.
- Хэдийнээс
эхэлж хашаандаа мод тарьсан бэ?
- 2007
оноос эхэлж тарьсан.
- Хэдэн төрлийн хичнээн мод тарьж ургуулж байна байгаа вэ?
- Улиас,
хайлаас, агч, тоорой, гацуур зэрэг мод тарьж ургуулж байгаа. Ноднин жилээс
хашаандаа хармагийг туршилтын журмаар тарьж ургуулсан. Туршилтын гэдэг нь
хүлэмжинд буюу вакум орчинд, байнгын нартай газар, байнгын сүүдэртэй газар
гэсэн гурван орчинд суулгаад туршиж байна.
- Мод тарих таны хобби гэж ойлгосон?
- Тиймээ. Мод зүлэг тарих бол миний хобби. Би хүүхэд байхдаа УБ хотоос урагш 60 аад км-т төмөр замын 480 дугаар точка-д бага насаа өнгөрөөсөн. Тэнд орос цэргийн маш том анги байлаа. Орос айлуудын гадуур битүү мод. Монгол айлуудын гадаа ганц ч мод байдаггүй.
Тэгээд л жаахан хүүхэд хэрнээ л
дотроо "Энэ чинь одоо хэн нь хэний газар орон дээр амьдраад байгаа юм
болоо" гэж гайхдаг байсан. Тэгээд л мод зүлэг тарих сонирхолтой болсон юм. Эх оронч сэтгэлгээ гэх юм уу, дээр нь би тохь тухыг их
эрхэмлэдэг.
- Тохь
тухыг их эрхэмлэдэг гэлээ, хашаагаа хэрхэн тохижуулж байна вэ?
- Би хашаагаа тойруулаад мод тариагүй. Жил бүр хоёр мод тарьдаг. Охиныхоо төрсөн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд. Учир нь жил бүр нялх мод арчилж байх, өөрийгөө ажилтай байлгах гэсэн санаа.
Мөн өрхийн хэрэгцээгээ хангасан 4х8 ийн хэмжээтэй хүлэмжтэй. Түүндээ бүх төрлийн нарийн ногоо тарьдаг. Өөрийн тарьсан ногоо бол хүнсний аюулгүй байдлыг хангах энэ цаг үед сэтгэлд сэвгүй, эко хүнс шүү дээ. Дээр нь хөдөлмөр шингэсэн ажил амттай байдаг. Байнгын нарны гэрэтүүлэг, явган хүний болон автомашины шахмал зам гээд тохижуулах гээд хичээж л байна. мөн цэцгийн мандал бол айлыг үнэхээр чимдэг зүйл.
- Говьд
мод ногоо арчлах бас л их хөдөлмөр ордог байх?
- Мод арчлахад уснаас гадна сэтгэл хэрэгтэй. Одоо сүүлийн үед аймгийн хэмжээнд хавар бүр маш их мод тарьж байна. Ирэх жил ахиад л тарина. Тэгж тарьснаараа аймгийн төв гишгэх газаргүй болтлоо модожсон баймаар. Үгүй л байна.
Учир нь мод тарихдаа телевиз дуудаад л камерийн өмнөөс инээж хүрз барьсан байдалтай зураг авахуулаад л, гар утсаараа баахан зураг авахуулаад л сошиалд тавиад л маргааш нь мартаж байгаа дүр зураг л байна.
Мод үржүүлгийн компани л ашигтай ажиллаж байна. Тэдний буруу биш л дээ. Тарьж байгаа сэтгэлгүй улсынх. Өөрийн хашааны хувьд гацуур моднууддаа л сэтгэл их зовж байсан. Нутагших болов уу яадаг бол гэж.
Үнэхээр сайхан ургасан. Ноднин бүр гойд ургаж 65 см
өссөн. Төвийн цэцэлрэгт хүрээлэнг арчлаагүй үхүүлсэн гацуурнуудыг хараад би
үнэхээр харамсдаг. Чадахгүй бол надад өгчихгүй дээ гэж.
- Тарьсан
модоо бараг хүүхэд шигээ санадаг болчихдог юм шиг санагдаг юм. Таны хувьд?
- Тийм шүү. Манай гэр бүлийн хүн төвийн орон сууцанд орох санаатай. Би хэдэн модоо хаяад хаачих билээ. Өөр айл манай хашаанд ирэхээр арчилж чадахгүй юм шиг санагдаад байдаг. /инээв/
Би хашаагаа бага багаар зүлэгжүүлж байгаа. Замынхаа нэг талыг бүхэлд нь зүлэгжүүлэх санаатай. Зүлэгний суурьтай газар буусан айлууд бол зүлэгжүүлэх амархан. Манайх шиг улаан халцгай шороон дээр байгаа айл бол үнэхээр их хөдөлмөр шаарддаг юм.
Үр суулгачихсан байхад
үгүй дээ л болжмор хүртэл дайсан шүү
дээ. Тэд нар хэл ус ойлгох ч үгүй гэнэт буугаад баахан үр тоншоод гэнэт алга болно. /инээв/ Тэр
болгоноос хамгаалах гэж ажиллана. Тэгэхээр зундаа усны тоолуур урсана даа.
- Мод тарьж
эхэлж байхад мэдэхгүй чадахгүй бэрхшээл бишгүй гарсан байх. Хэн нэгнээс
зөвлөгөө авч байв уу?
-Судалгаа чухал. Өөрөө бор зүрхээрээ тарьсан. Хайлаас тарихдаа Бараадууз ахын "Хаан хайлаас" номыг уншсан. Ер нь "Хаан хайлаас"-ыг уншсанаас хойш хайлааснаас өөр мод таримааргүй санагдсан.
Одоо даан ч манай хашаа багадаад байгаа. Хармаг тарихад ойлгомжтой. Өмнөговь байтугай улсын хэмжээний хармагийн хамгийн том төлөөлөгч Б.Баярчимгээсээ зөвлөгөө авдаг. Гурван өөр нөхцөлд туршиж тарихаа дураараа хийсэн.
Тэр тухайгаа хэлсэн чинь дэмжсэн дээ. Энэ намар тийшээ л жимслэх байх гэж горьдоод байгаа даа. Уяач шиг л болчихоод байгаа шүү.
- Усалгаагүй биеэ даасан мод бий юу?
- Биеэ даасан мод бий. Гэхдээ л арчилж байхгүй бол болохгүй. Ялангуяа улиас. Та цэнгэлдэхийн улиаснууд ямар сайхан болсон байлаа. Жуулчин говь жуулчны баазын моднууд ямар сайхан болсон байгааг мэдэж байгаа.
Одоо хар. Ямар болсон байна. Хожуулуудаар дүүрсэн байна.Цэнгэлдэхийн модыг яагаад ингээд ихэнхийг нь үхүүлчихэв гэж хэнхэглэж сахиулд нь хүртэл хэлж байсан. Талбай зүлэгжүүлснээс хойш хаягдсан гэж байсан.
Тэгэхээр биеэ даадаг мод бол говьд хайлаас л байх. Дэд хурандаа Б.Сайнбуян бид хоёр аймгийн Цагдаагийн газрын эргэн тойронд, хойд зам дагуулаад Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан 90 мод тарьж байсан. Усалгааны асуудлыг шийдэж чадахгүй байсаар ихэнх нь хэдхэн жил болоод үхсэн.
Хайлаас,
бургас нь ургасан. Тэгэхээр говийн хатуу ширүүн халуун уур амьсгалд
хайлааснаас өөр мод бие дааж ургахад хэцүү. Хайлаас ч бас эхний гурван жил нялх хүүхэд
шиг л арчлуулна шүү дээ.