Хоол хүнсний хаягдлын хэмжээ маш их байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-13 15:44:58

АМСТЕРДАМ. /Phys/. Хэрэглэгчид бидний төсөөлдгөөс илүү их хэмжээний хоол хүнсийг идэлгүй хаядаг болохыг Нидерландын “Wageningen” их сургуулийн судлаач Моника ван ден Бос Верма тэргүүтэй мэргэжилтнүүд тогтоожээ. Уг судалгааг “Plos One” сэтгүүлийн энэ сарын 12-ны дугаарт нийтэлжээ.


Хүн төрөлхтөн хэрэглэж буй хоол хүнснийхээ гуравны нэгийг хаядаг гэдгийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ 2005 онд тогтоожээ. Уг судалгааг хэрэглэгчдийн зан төлөвийн хүчин зүйлийг харгалзалгүйгээр зөвхөн хоол хүнсний хаягдлын хэмжээнд үндэслэн хийжээ. Харин М.Вермагаар ахлуулсан судлаачид хэрэглэгчдийн зан төлөв, бэл бэнчин хоолны хаягдлын хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг анх удаа тооцоолсон байна.


Тэд ХХААБ, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллүүдийг ашиглан дэлхий нийтийн хоол хүнсний хаягдлын хэмжээг тодорхойлжээ. Судалгаанаас үзэхэд хүний өдөр тутмын зардал 6.70 ам.доллараас их байх үед хоол хүнсний хаягдлын хэмжээ огцом нэмэгддэг бол орлогын түвшин өндөр болох тусам уг хэмжээ аажмаар нэмэгддэг байна.


ХХААБ нэг хүн өдөрт 214 килокалоритой /ккал/ тэнцэх хэмжээний хоол хүнс хаядаг хэмээн 2015 онд тогтоосон бол дээрх судалгаанд уг үзүүлэлтийг 527 ккал гэж үзжээ. Уг судалгаанд дэлхий дахины хоол хүнсний хаягдлын хэмжээг багасгахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Үүнд өндөр орлоготой улс орнуудын хоол хүнсний хаягдлын хэмжээг бууруулах, бага, дунд орлоготой улс орнуудад хоол хүнсний хаягдлын хэмжээ огцом нэмэгдэхээс сэргийлэх багтжээ.


Эрчим хүчний хэрэгцээ, хэрэглэгчдийн орлогын түвшин зэрэгт тулгуурлан хийсэн шинэ судалгаагаараа хүмүүс бидний төсөөлж байснаас хоёр дахин их хоол хүнс хаядаг болохыг тогтоолоо. Цаашид хоол хүнсний хог хаягдал нь дэлхий дахинд тулгамдсан томоохон асуудал болохоос урьдчилан сэргийлэх бодлогуудыг боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байна гэж “Wageningen их сургуулийн судлаачид судалгаандаа тэмдэглэжээ. 


Б.Отгонтуяа

相关新闻