Төмсний сортоо ахиулж тариална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг орон
нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа,
таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болжээ.
Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тонн, “Гала”, Импала сортын үрийн төмс 2.0 тонныг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 гаруй тариаланчид өнгөрсөн жил гэрээгээр олгож үржүүлжээ.
Мөн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн байцаа, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, лооль зэрэг нийт 48.0 кг хүнсний ногооны үрийг сумдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Мал эмнэлэг үржлийн тасагт олгожээ. Тиймээс ирэх хавар Завхан аймагт өөрийн аймагт хамгийн их тариалдаг астила сортын төмснөөс гадна гурван төрлийн сортын төмсийг тариалах юм байна.
Ташрамд 2019 онд Завхан аймаг 1952.9 тонн төмс, 1703.3 тонн хүнсний ногоо хураан авчээ. 2018 онтой харьцуулахад төмс 35.0 тонноор буурч, хүнсний ногоо 364.7 тонноор нэмэгджээ.
Сонирхуулахад, Астила сорт нь Зүүн Германаас /хуучин/
гаралтай. 1970-д оны сүүлчээр манай оронд нутагшсан. Эрт болцтой төмс
юм байна. Одоо Төв аймгийн Борнуур, Жаргалант орчмоор нэлээд тариалж байгаа.
Борнуурын шар төмс, Жаргалантын шар төмс, Монгол шар төмс хэмээн зах зээлд сайн
танигдсан. Харин импала сорт нь Нидерланд улсын Agrico Research BV институтэд
эрлийзжүүлгийн аргаар гаргасан ажээ. 2000 оноос хойш
манай оронд ихэвчлэн Европийн орнуудаас олон шилдэг сорт оруулж туршин генийн санг баяжуулж, Витара, Импала, Санте, Гала, Солист, Куарта зэрэг сортыг
нутагшуулж, одоо төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахаар
болжээ.