Уушгины хатгалгаа дэгдсэн ч үйл ажиллагаагаа сэргээхийг компаниудад үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /TASS/. “2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний улмаас аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч олонх нь ажлаа түр зогсоосон Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх ажлыг түргэтгэхийг БНХАУ-ын Засгийн газраас үүрэг болгов.
“Томоохон хотуудад амьдрахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс компаниуд үйл ажиллагаагаа яаралтай сэргээх шаардлагатай байна” гэж БНХАУ-ын Худалдааны яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Уг мэдэгдэлд онцлон тэмдэглэснээр, коронавирусний эсрэг тэмцэл маш чухал үе шатанд байгаа боловч урьдчилан сэргийлэх зорилгоор Хятад улс даяар сунгасан амралтын өдрүүд хоёрдугаар сарын 10 гэхэд дуусах ёстой бөгөөд олон тооны амрагч удахгүй байнгын оршин суугаа газартаа буцаж ирнэ. “Бүх шатны арилжааны үйл ажиллагааг хариуцдаг төрийн байгууллагууд уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авсан худалдаа, эдийн засгийн компаниудыг идэвхтэй дэмжинэ” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.