41 ялтанд хилийн хориг тавиулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Прокурорын газраас “Тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллагаас тавьж буй хяналт хууль, түүнд нийцүүлэн гарсан журамд нийцэж буй эсэх”-ийг шалгалаа.
Мөн илэрсэн зөрчлийг засуулахаар аймгийн Цагдаагийн газарт албан бичиг хүргүүлж, нийт хэсгийн төлөөлөгч нарт Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын талаар сургалт зохион байгуулан ажиллалаа.“Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах” тухай хуулийн 5 дугаар зүйлд “...гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдийг уг хэргийг шийдвэрлэх хүртэл, эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл түүнийг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлнэ...” гэж заасан байдаг. Иймд уг хуульд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан “Прокурор хилийн хориг тавих, цуцлах тухай журам”-д заасны дагуу Хэнтий аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагуудаас ирүүлсэн саналыг хянаад 2015 онд 1 яллагдагч, 257 ялтныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхтай холбогдуулан хилийн хориг тавиулах арга хэмжээг авсан байна.
Эдгээрээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулиар шүүхээс оногдуулсан ял нь өршөөгдсөн 239 этгээдэд тавьсан хилийн хоригийг цуцлах арга хэмжээ авчээ. Одоо шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 41 ялтанд хилийн хориг тавиулаад байна.
Хэнтий аймаг О.Буянхишиг