Байгаль хамгаалагчдад цоохор ирвэсний талаар мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:47:29

Завхан аймгийн ирвэс бүхий нутгуудийн байгаль хамгаалагч нар, нөхөрлөлийн гишүүдэд сургалт хийлээ. Сургалтаар байгаль хамгаалагчид цоохор ирвэсний анхан шатны мэдлэгтэй болж, зэрлэг амьтдын судалгаа, мониторингийн мэдээлэл хэрхэн цуглуулах гээд олон талын мэдлэг олгожээ.

Ирвэс хамгаалах сан ирвэс бүхий нутгийн байгаль орчны газруудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, нөхөрлөлд түшиглэсэн байнгын мониторингийн ажлуудыг хийж эхлэхэд ирвэс бүхий нутгуудын байгаль хамгаалагчид, мэргэжилтэнүүдийн чадавхийг дээшлүүлэх нь хамгийн чухал юм хэмээн үзэн дээрх сургалтыг хийжээ.

Завхан аймгийн хэмжээнд цоохор ирвэсний судалгаа бараг хийгдээгүй гэхэд болно.  2010-2014 онуудад Отгон, Алдархаан, Эрдэнэхайрхан сумдын малчдаас цоохор ирвэсэнд малаа бариуллаа гэсэн өргөдлүүд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яаманд ирснээр тус бүс нутагт цоохор ирвэсний судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байгааг тус яам анхааран Монголын Ирвэс төв, Отгонтэнгэрийн ДЦГ болон Ирвэс Хамгаалах Сантай хамтран 2014 оноос цоохор ирвэсний тархалтын тандан судалгааг хийж эхлүүлсэн байна.

Судалгааны үеэр цоохор ирвэсний бумбаа 7, үнэртэн хоёр тэмдэглэгджээ. Иймд эдгээр уулсад ирвэс байршин амьдардаг нь тодорхой байгаа бөгөөд харин ирвэсний талаарх мэдлэг мэдээлэл, шинжлэх ухааны ул үндэстэй судалгаа шинжилгээний ажил нэн шаардлагатай байгааг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻