АНУ Ирантай дайтна гэж америкчуудын дийлэнх нь үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Ирантай ойрын хэдэн жилийн хугацаанд дайтна гэж америкчуудын гуравны хоёр нь /71 хувь/ үзэж байгааг Ираны генерал Касем Сулейманиг хөнөөсний дараа “Reuters" агентлаг, "Ipsos” судалгааны байгууллагаас хамтран явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
2019 оны тавдугаар сард явуулсан үүнтэй адил санал асуулгад оролцогсдын 51 хувь нь дайн болно гэж үзэж байжээ. Энэ сард явуулсан санал асуулгын үеэр түүнд оролцсон америкчуудын 41 хувь нь /тавдугаар сарынхаас 17 пунктээр илүү/ Ираныг АНУ-д “шууд аюул занал учруулж байна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 27 хувь нь /тавдугаар сарынхаас бараг хоёр дахин их/ Иранд сэрэмжлүүлэх цохилт өгөхийг дэмжсэн бол 41 хувь нь АНУ түрүүлж цохилт өгөх ёсгүй гэж мэдэгджээ. Санал асуулгыг нэгдүгээр сарын 3-6-ны хооронд АНУ-ын насанд хүрсэн 1005 хүний дунд явуулсан байна.
Сулейманиг хөнөөсний дараа “Reuters/Ipsos”-оос явуулсан өөр санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын тал гаруй нь буюу 53 хувь нь Ираны талаар баримталж буй Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг сайшаахгүй байна. Энэ нь өнгөрөгч 12 дугаар сарынхаас 9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин энэ чиглэлээрх Трампын үйл ажиллагааг “эрс эсэргүүцэж буй” хүний тоо 10 пунктээр нэмэгдэж 39 хувьд хүрсэн байна. Нэгдүгээр сарын 6-7-ны хооронд явуулсан энэ судалгаанд АНУ-ын насанд хүрсэн 1108 иргэн оролцжээ.
Үүний зэрэгцээ олон нийтийн санаа бодол өмнөхтэй адил намын харьяаллаар хуваагджээ. Бүгд Найрамдах намын гишүүд Трампыг дэмжиж байгаа бол түүний бодлогыг таашаахгүй байгаа хүмүүсийн тоо ардчилагчдын дунд нэмэгдсэн байна.