Хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн хангах хүчин чадал бүхий “Хүчил төрөгчийн үйлдвэр”-ийг нээлээ.
Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд бүсийн 5 аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг “Хүчил төрөгч”-өөр ханган ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Орон нутагт хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр байгуулснаар Улаанбаатар хотоос тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг хэмнэхээс гадна хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах ач холбогдолтой.
Урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх аж.