“Цагаан арслан” цомоор хоёр байгууллагыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, шинэ жилийн баярыг тохиолдуулан 2019 онд ажил үйлсээрээ шалгарсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд төрийн албан хаагчдыг Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.
Аймгийн ИТХ-ын соёрхол “Цагаан арслан” цомоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 15 дугаар цэцэрлэг шалгарч найман иргэн “Оны алдартан” -аар шалгарлаа.
Мөн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Мэргэжлийн
хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо, Газрын харилцаа барилга хот байгуулалтын
газрын дарга Д.Цолмон, аймгийн Засаг даргын нэрэмжит “Оны тэргүүний ажилтан” өргөмжлөлөөр Нийгмийн
даатгалын хэлтсийн дарга Б.Анар, Эдийн засаг санхүүгийн салбараас БСУГ-ын Төсөв
санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Наранцэцэг, Хууль хяналтын салбараас
Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч А.Бадамжунай, Эрүүл мэндийн салбараас
БОЭТ-ийн Эмэгтэйчүүдийн эх барих их эмч Г.Шүрэнгэрэл зэрэг 10 гаруй иргэн
шагнууллаа.
Мөн энэ үеэр “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 онд зарласан болзолт уралдаанд шалгарсан байгууллага иргэдийн шагналыг гардуулав.
Аймаг орон нутгийн хэмжээнд бодлого хөтөлбөрөө “Хүний хөгжилд” чиглүүлэн ажиллаж, 2019 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 90.8, аймгийн Засаг даргын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 95.3 хувьтай байна. Дээрх ажлыг хэрэгжүүлэн ажиллахад эдгээр иргэн, байгууллагын оруулсан хувь нэмэр өндөр байсан гэдгийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут онцлон хэллээ.

