Ливийн Засгийн газар Турк улсаас цэргийн тусламж хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТРИПОЛИ. /Al-Monitor/. Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газар тус улсын нийслэл Триполи хот руу хийж буй генерал Халиф Хафтарын цэргүүдийн давшилтыг няцаахын тулд Турк улсаас цэргийн тусламж хүсжээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Засгийн газрын хүсэлтээр цэргээ илгээж, дайнд нэрвэгдсэн тус улсад Туркийн цэргийн тусламжийг бэхжүүлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Ливид цэрэг илгээх зөвшөөрлийг Засгийн газарт олгох тухай хуулийн төсөл нь Туркийн парламентын өвлийн чуулганаар хэлэлцэх эхний асуудал болно гэж Эрдоган онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Ливид цэрэг илгээх зөвшөөрлийг Туркийн парламент нэгдүгээр сарын 8 эсвэл 9-нд батална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.