Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгжүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-25 22:30:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгжийг шалгарууллаа. “Шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгж”-ээр  “Анд энерги” ХК, “Шилдэг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-ээр “Ора металл” ХХК, “Шилдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч”-ээр “Таван талын булаг” ХХК-ийн “Талын таван булаг” эмнэлэг шалгарлаа.

Жилд 150 мянган ширхэг лед гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай “Анд энерги” ХК  2019 онд 100.6 сая төгрөгийн татвар төлж, үйлдвэртээ 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн хөрөнгийн зах зээлд хувьцаа гарган 430 хувьцаа эзэмшигчтэй болж, нийтдээ 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Борлуулалтынхаа цэгийг дөрөв,  бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 38 болгон нэмэгдүүлсэн байна.

“Ора металл” ХХК жилд долоон мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ онд борлуулалтын орлого нь 13.4 тэрбум төгрөг болжээ. Улс, орон нутгийн татварт 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тус компани  “Оюу толгой” компанийн хэрэгцээт өндөр хромт 15 мм-ийн бөөрөнцөг үйлдвэрлэж тоног, төхөөрөмжөө өргөтгөж ажилласан байна.

“Талын булаг” эмнэлэг 2004 онд байгуулагдаж энэ онд 50 ортой хэвтэн эмчлүүлэх хоёр тасаг нээжээ. 2019 онд тус эмнэлэгт 1120 хүн хэвтэн эмчлүүлж, 2152 иргэнд үйлчилсэн байна. Нийтдээ 31 ажилтантай, улс орон нутагт 3.7 сая төгрөгийн татвар төлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн усан хангамж, цахилгаан холбоо, радио инженерийн шугам сүлжээнд холбогдсон таван давхар барилга  барьжээ. Мөн шинээр клиник лабораторийг 40 сая төгрөгөөр байгуулсан аж.

 

 

相关新闻