Улиастайн 4700 гаруй иргэн төрийн үйлчилгээг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-24 16:36:50

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сум 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж энэ жил 4700 гаруй иргэн төрийн үйлчилгээг иргэний танхимаас авчээ.

Тус сум “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд иргэдийнхээ хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ, ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах, төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, үр дүнд суурилсан удирдлага, иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбожээ.

Иргэдийн төрийн үйлчилгээнд итгэх итгэл нэмэгджээ

Завхан аймаг төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгожээ.

Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэх зорилтоо 80 гаруй хувьтай биелүүлжээ. Ийнхүү Улиастай сум жилийн турш хэрэгжүүлсэн зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Тиймээс Улиастай сум иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан ажээ.  

相关新闻