Спортын салбарын оны шилдгүүдийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан соёмбо” ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, мөн спортыг дэмжин ажилладаг нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.
Тухайлбал, Биеийн тамир, спортын газрын Хүндэт тэмдгээр Пауэрлифтинг фитнессийн холбооны тэргүүлэгч гишүүн Б.Эрдэнэхишиг, аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Д.Мөнхсүлд нарыг, Спортын алдар медалиар Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Биеийн тамирын багш А.Сумъяаг, Алтан-Од медалиар аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч А.Балжиннямыг, Монголын Үндэсний олимпийн хорооны Алтан медалиар Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн биеийн тамирын багш Э.Сүхбаатарыг тус тус шагнан урамшууллаа. Мөн салбарын, орон нутгийн, байгууллагын шагналуудаар биеийн тамир, спортын шилдэг ажилчдыг шагнан урамшуулаад байна.
Үүний зэрэгцээ аймгийн Биеийн тамир, спортын газраас аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, спортын уралдаан, тэмцээнээр манлайлан амжилт гаргасан тамирчдаа шилдгээр тодруулан өргөмжиллөө. Шилдэг өсвөрийн тамирчнаар: Алтан гадас одонт ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Жүдо бөхийн тамирчин Х.Батцэнгэл, Шилдэг залуу тамирчнаар Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Насандулам, Шилдэг паралимпийн тамирчнаар ЕБ-ын 2-р сургуулийн Тусгай бүлгийн сурагч Т.Балданхайням гэхчлэн 10 төрөлд шилдгүүдийг шалгаруулан шагналаа.