Аж ахуйн нэгжийн тооллого 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ сарын нэгнээс эхэлсэн аж ахуйн нэгжийн тооллого Дундговь аймгийн хувьд 80.2 хувьтай явагдаж байна. Тооллогыг хөдөөгийн 14 суманд явуулж дууссан. Өнгөрсөн долоо хоногоос аймгийн төвд тооллогыг үргэлжлүүлж байна.
Тооллогын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Татварын тайлангийн программд тооллогын программ холбоотой байсан нь давуу тал болж байгааг Бүртгэл, Статистикийн хэлтсийн статистикийн хэлтсийн дарга Ж. Өлзийжаргал хэллээ.
Харин татварын тайлан мэдээгээ өгдөггүй, сураг алдарсан хэрнээ татан буугдсан эсэхээ мэдэгдээгүй хэд хэдэн аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэднийг олох гэж багагүй цаг зарцуулж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар тооллогод хамрагдаж амжаагүй 160 гаруй аж ахуйн нэгж байна. Энэ долоо хоногт тооллого дуусах ажээ.
Т. Отгонтуяа