“Умардын урсгал-2” төслийн хийн хоолойг тавьж байсан хөлөг онгоцуудыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Швейцарийн “Allseas” компани “Умардын урсгал-2” төслийн хий дамжуулах хоолой тавьж байсан хөлөг онгоцуудыг Балтын тэнгис дэх барилгын бүсээс гаргасан тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг төсөл хэр удаан хугацаагаар хойшилсон талаар “Allseas” компани тайлбар өгөхөөс татгалзжээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, хөлөг онгоцууд Балтийн тэнгисийг хэдийнэ орхисон байна.
АНУ-ын Конгрессын танхим өмнө нь 2020 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийн тухай хуулийн төслийг баталсан бөгөөд түүнд хий дамжуулах хоолой тавих ОХУ-ын “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” төслийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Засгийн газартаа үүрэг болгожээ. 12 дугаар сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон байна. Үүнтэй холбоотойгоор “Allseas” компани ажлаа зогсоож байгаагаа 12 дугаар сарын 21-нд мэдэгджээ.