АНУ, Хятадын талууд Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /Reuters/. АНУ, Хятад улсууд худалдааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж хоёр талын төлөөлөгчид Лондон хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны сайд Ховард
Лутник сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, бид Женевт хийсэн хэлэлцээ болон хоёр улсын
төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр
тохиролцлоо гэсэн байна. Хятадын олон улсын худалдааны төлөөлөгч, Худалдааны
яамны дэд сайд Ли Чэнган мөн сэтгүүлчдэд ижил мэдээлэл өгчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр утсаар ярьж, хоёр
улс бие биенээ Женевийн худалдааны хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаснаас
үүдэлтэй нөхцөл байдлыг тогтворжуулсан
юм. Тавдугаар сарын дундуур Швейцарт болсон уулзалтын үеэр дэлхийн хоёр
том эдийн засаг дөрөвдүгээр сард нэмэгдүүлсэн харилцан тарифыг 90 хоногийн
хугацаагаар түр хойшлуулахаар тохиролцсон билээ.
“Энэхүү хэлэлцээний үеэр хүрсэн
тохиролцоог Ерөнхийлөгч Трампаар батлуулахын тулд” Худалдааны төлөөлөгч
Жеймисон Гриртэй хамт Вашингтон руу буцна гэж Х.Лутник мэдэгджээ. Хэрэв Ши
Жиньпин мөн үүнийг зөвшөөрвөл “бид уг тохиролцоог хэрэгжүүлнэ” гэж Х.Лутник нэмж хэлжээ.
Хятадаас АНУ руу хийх газрын ховор
элементийн экспортыг хязгаарласан нь сүүлийн хэлэлцээрийн “үндсэн хэсэг” байсан бөгөөд
“хоёр талын тохиролцоо хэрэгжсэнээр асуудал шийдэгдэнэ” гэдэгт АНУ найдаж байна
гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Бээжин газрын ховор элементийн экспортыг зөвшөөрсний
дараа Хятадад дэвшилтэт технологийн борлуулалтад тавьсан АНУ-ын хязгаарлалтуудыг
цуцлах ажээ.
Энэ долоо хоногт болсон хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао нар мөн оролцсон юм.