АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-06-10 11:04:41

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 10 /Reuters/. АНУ, Хятадын өндөр албан тушаалтнууд Лондон хотод хийж буй худалдааны хэлэлцээгээ мягмар гарагт буюу өнөөдөр үргэлжлүүлэхээр болжээ. Талууд газрын ховор элемент зэрэг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх, эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй барааны экспортын хяналтын асуудлаар ахиц дэвшил гаргана гэж найдаж байна. 


Өнгөрсөн сард Женев хотноо худалдааны урьдчилсан гэрээний талаар тохиролцоонд хүрсний дараа авто машин, сансар огторгуй, хагас дамжуулагч, батлан ​​хамгаалах зэрэг салбарт чухал ач холбогдолтой экспортуудыг зогсоож байна гэж Вашингтоны зүгээс Бээжинг буруутгаад буй энэ үед хоёр их гүрний харилцаа сайжирна гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.


Энэ удаагийн хэлэлцээ нь хоёр орны эдийн засгийн хувьд чухал цаг үед болж байгаа юм. Тодруулбал, гаалийн мэдээллээс үзэхэд Хятадаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ тавдугаар сард 34.5 хувиар буурсан нь “COVID-19” цар тахлын нөлөөгөөр дэлхийн худалдааны хэмжээ огцом буурч байсан 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн огцом буурсан үзүүлэлт юм.


Хоёр тал даваа гарагт Их Британийн нийслэл дэх “Ланкастер” ордонд уулзаж, Женевийн тохиролцоотой холбоотой санал зөрөлдөөнийг хэлэлцсэн бөгөөд мягмар гаргийн өглөө хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвтэй байна. Америкийн талаас хэлэлцээнд Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцож байгаа бол Хятадын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн ахалж байна.


Х.Лутникийг хэлэлцээнд оролцуулсан нь газрын ховор элементүүд хэр чухал ач холбогдолтой байгаагийн илрэл бөгөөд түүний агентлаг АНУ-ын экспортын хяналтыг хариуцдаг юм. Хоёр орон харилцан бие биедээ өндөр хувиар тогтоосон тарифыг бууруулах асуудлаарх Женевийн хэлэлцээнд Х.Лутник оролцоогүй юм. АНУ, Хятадын төлөөлөгчдийн хоёр дахь шатны уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярьснаас хойш дөрөв хоногийн дараа болж байна.

相关新闻