“Tesla” Хятадад үйлдвэрлэсэн машиныхаа үнийг бууруулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Америкийн “Tesla” компани БНХАУ-д үйлдвэрлэсэн “Tesla Model 3” машиныхаа үнийг 20 хувиар бууруулахаар төлөвлөж байна.
“Tesla” компани Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, эд ангиудыг Шанхай дахь үйлдвэртээ ашиглаж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийнхээ зардлыг бууруулахаар болжээ. Энэ нь “Tesla”-д АНУ-аас авах эд ангиудын импортын хэмжээг бууруулах, импортын татвараас зайлсхийх боломжийг олгох аж. "Bloomberg" агентлагийн мэдээлснээр, “Model 3” загварын машины үнийг 2020 оны хоёрдугаар хагасаас бууруулж магадгүй байна.
Шанхай дахь “Teslа” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн цахилгаан седаны анхны өртөг нь 355.8 мянган юань буюу ойролцоогоор 50.55 мянга орчим ам.доллар байх аж. Ийм загварын эхний машинуудыг 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөжээ.