Хүний эрхийг хамгаалж ажиллах чадварт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-19 00:43:53

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын ажилтнууд хүний эрхийн зөрчлийг таньж мэдэн, нөлөөлөл хийх чадварт суралцаж байна.

Нээлттэй нийгэм форумын Хуулийн хөтөлбөр орон нутгийн төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтыг 11 аймгийн нийт 80 гаруй төрийн бус байгууллагыг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтыг  “Орон нутагт хүний эрхийн хамгаалал, нөлөөлөл хийх чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр Мандалговь хотод зохион байгуулж байна.

Орон нутгийн ТББ- ын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бататгах, хүний эрхэд суурилсан хандлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах чадварыг хөгжүүлэх, мониторинг, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүний эрхийг хамгаалахад ашиглах чадварт сургах нь сургалтын гол зорилго юм.

Гурван өдөр үргэлжлэх энэ сургалтад Дундговь, Өмнөговь аймгийн хорь гаруй төрийн бус байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа ажээ.

 Т. Отгонтуяа

 

相关新闻