“Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аян хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ, Музей, Сайнцагаан сумын ЗДТГ-аас
хамтран “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг энэ оны 11 дүгээр
сарын 18-наас 2020 оны нэгдүгээр сарын
28 хүртэл зарлаад байна.
Монголын уламжлалт, соёлын биет бус өвийн нэг хэлбэр болох угийн бичиг хөтлөлтийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх хүсэл, эрмэлзлэлийг бий болгох зорилгоор байгууллагууд, Сайнцагаан сумын есөн багийн дунд уралдаан зарлаж, ийнхүү идэвхжүүлж байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд байгууллагууд, багууд албан
хаагчиддаа болон иргэдэд Угийн бичиг хөтлөх сургалт семинар зохион байгуулж, иргэд,
ажилтнууд угийн бичгээ сайжруулан хөтөлж, түүнийг хөтлөхийн ач холбогдлыг
ойлгож, үр хүүхдүүддээ зааж сургахад анхаарч ажиллах бөгөөд аяны үйл ажиллагааг
дүгнэх үеэр өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчлан
таниулах ажээ.
Нэг талаас угийн бичгээ хөтлөх нь иргэн бүрийн хувьд “Монгол
Улсын Соёлын тухай хууль”-иар хүлээсэн “Удам
угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх” нэгээхэн үүрэг бөгөөд нөгөө талаас ураг
удмаа мэдэх, өв соёлоо хадгалах, тусгаар тогтнолоо хамгаалах соёлын биет бус өв.
Өнөөдөр Монгол Улсын иргэн, өрх бүрийн зайлшгүй анхаарч явах ёстой зүйл бол угийн бичиг, удмын түүх. Монголчууд эрт дээр үеэс ургийн бичгийг хөтөлж, түүгээрээ дамжуулж удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах түүнийгээ удам дамжин өвлүүлдэг байсан. Харин энэ уламжлал мартагдаад дахин сэргэж байгаа учраас монгол хүн бүрт ойлгуулан таниулах зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм.