“Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрхийг хамгаалах” уулзалт өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийн Дундговь салбар, Сайнцагаан сумын Хот тохижуулах алба, Татварын алба хамтран “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрхийг хамгаалах” уулзалт өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд хамтрагч байгууллагууд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэдийн санал бодлыг сонсон, асуусан асуултад хариулт өгч, хэрэглэгчдийнхээ дунд азтан шалгаруулжээ.
Дундговь аймгийн хэмжээнд нийт 7930 цахилгааны хэрэглэгч байгаагийн 91 хувь нь айл өрх, 9 хувь нь албан газар, аж ахуйн нэгж байгууллагууд байдаг.
Нийт айл өрхийн 5321 нь гэр хорооллын, 1298 нь орон сууцанд амьдардаг бөгөөд шөнийн хөнгөлөлт эдлэх боломжтой 1006 өрх байгаа ажээ.
Цахилгаан түгээх Дундговь салбараас 2019 онд программ хангамжаа сайжруулж, хэрэглэгчдийн бүртгэл, айл өрхүүдийн кодыг шинэчилж, үйлчилгээний төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэхийг мессежеер болон и-мэйл хаягаар илгээдэг болж, хэрэглэгчид цахим мэдээллийн сангаас өөрийн кодоороо бүх мэдээллээ харах боломжийг бүрдүүлэн ажиллажээ.
Цаашид цахилгаан эрчим хүчний бүх мэдээлэл, төлбөр төлөх үйлчилгээг цахимаар авах, дуудлага үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэх ажилчдын тоог нэмэгдүүлэх, Дэлхийн банкны Эрчим хүчний төсөл-2-ийг хэрэгжүүлж ажиллахаа тус салбарын дарга Г.Мягмарсүрэн танилцууллаа.
Сайнцагаан сумын ИТХ-ын 2019 оны тавдугаар сарын 3-ны 02 тоот тогтоолоор тус сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, ХЗЯ-аар хянуулан аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн тарифаар айл өрх бүрээс үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөртэй хамт авдаг болсон.
Тиймээс энэхүү уулзалт өдөрлөгийн үеэр Хот тохижилтын албаны дарга Х.Анхбаяр хог хаягдлын үйлчилгээний энэхүү шинэчилсэн тариф, хог ачих хуваарь, хот тохижилтын газраас цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилго, зорилтоо танилцуулсан юм.

