УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Гишүүд өөрсдийн оруулсан саналыг хэлэлцэх үеэр ирээгүй болон тодорхой хугацаатай асуудалд завсарлага авах асуудлыг зохицуулсан уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнгөрөгч нэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Тодруулбал уг хуулийн төсөлд “УИХ-аас сонгогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал оруулсан УИХ-ын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй эсвэл, төсөл, саналаа танилцуулаагүй бол түүний уг хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох”, “Хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглох” агуулгатай нэмэлтийг тусгасан байсан.
Завсарлага авахыг хориглох заалтыг “Хуулиар тогтоосон хугацаанд саад болохгүйгээр завсарлага авч болно” гэж байнгын хорооноос өөрчлөн санал оруулжээ. Ингээд дээрх хуулийн төслөөр санал хураалгахад гишүүдийн 60.3 хувь нь дэмжиж, хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
Үүний дараа “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн баталсан юм. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Н.Гантуяа