Завханы таван сургууль гурван ээлжээр хичээллэхэд тун ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-23 23:25:24

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын гурван сургуулийн хүүхдийн тоо ихэсч ачаалал ихтэй, гурван ээлжээр хичээллэхэд тун ойрхон байна хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Сургуулиудын ачаалал янз бүр байна. Аймгийн төвтэй ойрхон Алдархаан, Яруу, Цагаанхайрхан сумын сургуулиуд 100 хүртэл суралцагчтай байхад зам дагуу сумууд болох Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори 1-р сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Дэвшил сургуульд 1000-1321 суралцагч хичээллэж, гурван ээлжид шилжихэд тун ойрхон байна. Харин үлдсэн 21 сургуулийн хувьд 122-974 суралцагч суралцаж байгаа тул дундаж ачаалалтай байна. Нүүдлийн мал аж ахуйтай манай орны хувьд өвөлжилт, хаваржилтаас шалтгаалан дотуур байр ба сургуулийн ачаалал хичээлийн жилийн эхэнд төлөвлөгдөж байснаас, санхүү төсөвт тусгагдан батлагдсанаас илүү гарч, хүндрэл үүсгэх тохиолдол цөөнгүй гардаг аж.


Дотуур байрны хүрэлцээ хангамж муу байна

Завхан аймагт дотуур байрыг авч үзвэл мөн ижил харилцан адилгүй ачаалалтай байна. Тухайлбал өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд 34 дотуур байранд 1387 суралцагч амьдарсан бөгөөд нийт хүүхдийн тоогоо дагаад ачаалал өндөртэй байна. Хүүхдийн тоо нэмэгдсэн, ачаалал өндөртэй нэр бүхий таван сургуульд дотуур байрны хүрэлцээ хангамж дутмаг байгаа. Аймагтаа хамгийн их буюу 1321 суралцагчтай Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтай. Гэтэл тус дотуур байранд нэг хичээлийн жилд дунджаар 93 хүүхэд бүртгүүлж, ид ачааллын үед 100 гаруй хүүхэд амьдардаг. Харин Тосонцэнгэл, Их-Уул, Цэцэн-Уул, Баянхайрхан, Тэс, Баянтэс зэрэг сумууд өвөлдөө хэт хүйтэрвэл дотуур байрны халаалтын зардал ихэсдэг тал бий. Дотуур байртай холбоотой бас нэг хүндрэлийг онцлон дурдахад аймгийн төвийн таван сургуулиас дөрөв нь дотуур байргүй байна. Үүний улмаас сумдаас ирсэн сурагчид эцэг, эхийн хараа хяналтаас хол бие даан амьдарч байна. Энэ нь гэмт хэрэг зөрчилд өртөх магадлал өндөр, эрүүл бус чанаргүй хооллох, бусдад уруу татагдах, хичээлээс хоцрох, таслах зэрэг элдэв сөрөг үзэгдэлд хүргэж байгаа. Цаашид Улиастай суманд сургууль дундын ч болтугай хүрэлцээ хангамж, харуул хамгаалалт хяналт сайтай, нэгдсэн дотуур байр барих зайлшгүй шаардлага бий болоод байгаа хэмээн аймгийн БСУГ-аас тус тус мэдээлэл өглөө. 


2018 онд хоёр дотуур байрыг засварлажээ

Өнгөрсөн жил Завхан аймагт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн санхүүжилтээр хоёр дотуур байрыг засварлажээ.

Тухайлбал Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 75 хүүхдийн дотуур байрыг нийт 712 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Засварын ажлыг 2018 оны наймдугаар сард эхлүүлж арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ.

Дотуур байрууд цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдсон ба дотроо халуун, хүйтэн ус, шүршүүртэй болж, сурагчид тав тухтай орчинд амьдарч, суралцах нөхцөл бүрдсэн байна. Дотуур байрны барилгын засварыг “Зуурмаг” ХХК хийжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуулиуд дотуур байрандаа хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа хэвийн явуулж байна.

相关新闻