“Халх гол” ХАА-н бүс байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг Х.Болорчулуун нарын гишүүд санаачилсан байна. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоол батлан гаргасан байдаг. Уг чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталжээ. Нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй баталгаажих гэнэ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Ингээд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.