14 бүлгийн бизнес санааг 140 сая төгрөгөөр дэмжлээ
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутгийн залуучуудын бизнес санааг дэмжих, тогтвортой ажлын байраар хангах зорилготой “Startupweekend Gowi-аltai 2019” хөтөлбөрт шалгарсан 14 бүлгийн бизнес санааг 140 сая төгрөгөөр дэмжлээ.
Гурав дахь жилдээ “Алтайн баялаг-Залуус” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн уг хөтөлбөрт энэ удаа гарааны бизнес эрхлэх сонирхолтой нийт 120 залуу бүртгүүлж, тэднээс хоёрдугаар шатанд 65 залуу шалгарч бизнес санаагаа уралдуулснаас “Нандин төв”, “Эко хүнс”, “Хоггүй цэвэр–Алтай”, “Шармаахай брэнд”, “Эко үсний мист”, “Эко жорлон”, “Ухаалаг аялагч”, “Эхлэл”, “Тухлаг буйдан”, “Алтайн борц”, “Артист Алтай”, “Говийн зургаан гайхамшиг”, “Нүнжиг”, “Хоггүй хөгжил” гэсэн залуучуудын бүлгүүд шалгарч тус бүрт 10 сая төгрөгийн /хүүгүй/ санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай авч чаджээ. Шилдгүүдийн батламжийг тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, “Төрөлх-Алтай” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан нар гардуулав. Мөн үеэр оролцогчдын хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэн олны хүртээл болгожээ.
Орон нутгийн залуусын гарааны бизнесийг нь дэмжих энэхүү хөтөлбөрт жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Орон нутгийнхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг санааг залуус маань гаргаж, бие биесээсээ туршлага солилцох олон давуу талтай энэхүү хөтөлбөр гурав дахь жилдээ ийнхүү амжилттай хэрэгжлээ хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу онцолсон юм.
Тус хөтөлбөрийг энэ жил тус аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, “Төрөлх Алтай” ТББ хамтран зохион байгууллаа.









