Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТөрийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дундговь аймагт байгуулна. Ингэхдээ эхлээд нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулалт, үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцсаны дараа энэ ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж аймгийн ЗДТГ шийдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан бөгөөд уг тогтоолд харъяалах нутаг дэвсгэртээ Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах бэлтгэл хангаж 6 дугаар сарын нэгний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэх талаар аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Дундговь аймагт ийнхүү Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж ажиллахаар Засаг даргын захирамж гаргаж ажлын хэсэг байгуулжээ.
Энэ долоо хоногт Төрийн үйлчилгээний төвд байршин үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын удирдлагыг нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй танилцуулах ажлыг ажлын хэсэг зохион байгуулах юм байна. Үүний дараа орон нутагт зохион байгуулах ажлаа төлөвлөх ажээ.
Засгийн газрын тогтоолд дурьдсанаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд шаардагдах зардлыг 2016 оны хувьд тухайн орон нутгийн төсвөөс, цаашид холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байхыг Засаг дарга нарт үүрэг болгосон юм байна.
Т. Отгонтуяа