"Тэмбүүг устгая" аян Завхан аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-10 21:21:32

Завхан /МОНЦАМЭ/. Завханд “Тэмбүү, сүрьеэ өвчний гаралтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг” сэдэвт нөлөөллийн уулзалт болж, 24 сумын Засаг дарга болон сумдын эмнэлгийн эмч нар, ЭМГ, аймгийн удирдлагууд оролцлоо. 

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр “Тэмбүүг устгая” хоёр жилийн аяныг эхлүүлжээ. Үүний хүрээнд Глобал сангийн дэмжлэгээр Завхан аймагт дээрх аяныг эхлүүлж шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалтыг зохион байгуулжээ.

Нөлөөллийн уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй Глобал сангийн төсөл хөтөлбөрүүдийг тус сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн зохицуулагч Н.Цогзолмаа танилцууллаа. Харин дэлхий дахинд болон Монгол Улсад сүрьеэ, тэмбүү өвчний өнөөгийн байдал ямар түвшинд байгаа, үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн БЗДХ/ДОХ-ын ТСА-ны зөвлөх эмч Х.Даваажав өглөө.

Мөн үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од аймгийнхаа гурван сумыг тэмбүүгүй сум болгосон талаарх туршлага, эрүүл мэндийн үйлчилгээнийхээ талаар хуваалцжээ. Харин Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тэмбүү өвчин болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний эсрэг ямар ажил, сургалт сурталчилгаа хийж хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгөв.

Энэхүү аяны хүрээнд сумдад эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоо хийнэ. Гэхдээ шийдвэр гаргагчид болон эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх байгууллага, сумын Засаг дарга нарын дэмжлэг оролцоо их чухал байгааг оролцогчид онцолсон юм. Энэ үеэр Завхан аймгийн бүх суманд халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоог хийнэ гэсэн шийдвэрт хүрчээ. Ийнхүү эхний үзлэг оношилгоо хийхээр Нөмрөг сумыг сонгосон байна. Тус суманд үзлэг шинжилгээ хийх үед нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас туслалцаа дэмжлэг үзүүлж хамтарна гэдгээ Ж.Од дарга энэ үеэр дуулгав.

Завханд 835 эмэгтэйгээс 24 нь тэмбүүтэй гарчээ

Өнөөдөр Завхан аймагт гарч байгаа нийт халдварт өвчний 56 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. Улсын түвшинтэй харьцуулахад харьцангуй бага ч аймгийн хэмжээнд өндөр харагдаж байгаа. Тэмбүү өвчний халдварыг өмнөх 2017 онтой харьцуулахад буурсан хэдий ч энэ онд сумаас төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэг бүртгэгдсэн. Мөн заг хүйтэн халдварт өвчин их бүртгэгдэж байгаа. Жирэмсэн эхчүүдэд хяналтыг байнга тавьдаг. Тухайлбал БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд хамрагдсан жирэмсэн 835 эмэгтэйгээс 24 нь тэмбүүтэй байсан. Сүрьеэгийн шинэ тохиолдол буурсан байгаа. Гэхдээ сүрьеэгээр нэг иргэн нас барсан. Эрүүл мэндийн газраас сүрьеэгийн голомтот сумдад илүү анхаарч, эрт илрүүлэлтийг байнга хийж байна. Цаашид ч хүн ам руугаа хандсан олон ажил хийх зорилт тавьсан тухайгаа Завханы ЭМГ-аас мэдээлэв.

50 гаруй сая төгрөгийн аппараттай болжээ

Завхан аймагт “Глобал” сан болон Эрүүл мэндийн яамнаас тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, тус сангийн дэмжлэгээр ДОХ-ын төсөл, сүрьеэгийн төслүүдийн буцалтгүй тусламжийн хүрээнд сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 1649.8 мянган төгрөгийг сорьц тээвэрлэлтийн зардалд нийлүүлжээ. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөөврийн дижитал аппаратыг Завхан аймагт олгожээ. ДЭМБ-ын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 55.7 сая төгрөгийн Жене эксперт аппаратыг тус тус нийлүүлжээ. Энэхүү аппаратын тусламжтайгаар алслагдсан баг, сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрджээ.

 

相关新闻