Эмэгтэй боксчид эхний тулаанаа хийж Л.Алтанцэцэг өрсөлдөгчөө яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр эхэлсэн. Манай тамирчдын салхийг хагалж 51 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг, Италийн Камилла Фаддатай тулалдаж 3:2-оор багийнхаа анхны ялалтыг авчирлаа.
Харин 57 кг-д ОУХМ Т Болортуул, 2016 оны ДАШТ-ний хүрэл медальт Австралийн тамирчин С.Николсонтой тулалдаж 5:0-ээр /30:27, 30:27, 29:2, 30:27, 30:27/ ялагдал хүлээлээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал болон Л.Энхбаатар, Т.Эрдэнэбаяр нарын дасгалжуулагчаар ахлуулсан долоон тамирчин оролцож байна. Мөн ДАШТ-д Олон улсын боксын холбооны /AIBA/ III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.
Өнөөдөр 54 кг-д ОУХМ Э.Мичидмаа, Энэтхэгийн тамирчин Жамуна Боротой тоглох бөгөөд түүнийг ялбал Алжирын тамирчинтай 9-нд тоглох хуваарьтай. Харин 69 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа өнөөдөр ОХУ-ын Саадат Далгатоватай тулалдана.
Ташрамд дуулгахад, ДАШТ-ний өмнө
Азийн боксын холбооны хурал явагдаж, П.Мөнхбаяр ASBS холбооны комиссын гишүүн,
Д.Батсүрэн Дасгалжуулагчдын комиссын гишүүн, Э.Энхбаяр Эмнэлгийн комиссын
гишүүн, С.Батбаяр Эмэгтэйчүүдийн комиссын гишүүн, С.Баясгалан Шүүгчдийн
комиссын гишүүнээр тус тус сонгогдсон байна.