УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн шагналын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
“Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хуралдах Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товложээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийх ба Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх аж.
Б.Туул