Монголын чөлөөт бөхийн тамирчид Якутыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ОХУ-ын гавьяат дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн 10 дугаар сарын 11-13-нд Якутын «Триумф» спортын ордонд болно.
Якутын нэрийн хуудас болсон энэхүү 12 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Румын, Латви, Афганистан, Япон, БНХАУ, Гүрж, Польш, Литва, Филиппин, Беларусь, Унгар, Молдав, Азербайжан, Болгар, Канад, Энэтхэг, Узбекистан, Киргиз, Казахстан, Армен, Македон, БНСУ зэрэг 24 орны бөх барилдана.
“Рио-2016” олимпын наадмын аварга, ДАШТ-ний алт, хүрэл медальт Сослан Романов, “Рио-2016” олимпын хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга Гажи Алиев, “Лондон-2012” олимпын наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпын хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Сушил Кумар, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хошой аварга Александр Богомоев тэргүүтэй шилдгүүд хүчээ сорихоор мэдүүлгээ өгсөн байна.
Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар
бөгөөд алт 5000, мөнгө 3000, хүрэл медальтан 1000 “ногоон” хүртэх юм. Мөн Якутын
дэвжээний азтай үзэгчийг “Сүзүки” машинаар шагнах юм байна.