"Мазала" лигийг “Эрчим” клуб 41 оноотой тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лигийн хоёрдугаар хагасын сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж "Эрчим" клуб 41 оноогоор тэргүүлж эхэллээ.
Лигийн 17 дугаар тойрогт “Эрчим” болон “Улаанбаатар Сити” клубууд адилхан 38 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан юм. Лигийн сүүлийн тойрогт лигийг тэргүүлэгч “Улаанбаатар Сити” клуб “Атлетик-220” клубтэй тоглосон бол “Эрчим” клуб “Хоромхон” клубтэй тоглосон.
Энэ тоглолт лигийн тоглолтын дүнгийн хүснэгтийн тэргүүлэгчийг тодруулах чухал тойрог байсан юм. “Эрчим” клуб 7:2-оор “Хоромхон” клубийг хожиж бүтэн оноогоо авснаар 41 оноотой болсон бол “Улаанбаатар Сити” клуб 1:1-ээр “Атлетик 220” клубтэй тэнцсэнээр 39 оноотой өндөрлүүлэв. Лигийн тоглолтын дүнгийн хүснэгтийн эхний 5 байрт бичигдсэн багууд болон хүснэгтийн сүүлийн 5 байрт орсон багууд хоорондоо нэг тоглолт хийснээр энэ улирлын дээд лигийн аварга баг болон доош унах багууд тодорхой болох юм.