МАН-ын бүлэг Төрийн шагналын хуулийг дэмжихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-11 13:48:54

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан нар мэдээлэл хийв. 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн шагналын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирсэн. Харин энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ.

Энэ талаар С.Бямбацогт "Төрийн шагналын хуульд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгосон байна. Өмнө нь энэ шагналыг авсан хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс манай бүлгийн гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан "Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг УИХ дахин хуулийн төсөл санаачлан оруулж ирэх боломжтой болох гэж байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Цэц ер нь байх хэрэг байна уу гэдэг асуудал гарч ирэх нь. Ингэснээрээ Үндсэн хуульд халдаж байгаа хэрэг. Ганц нэг гишүүний санаачилгаар Үндсэн хуульд халддаг, Цэцийг бужигнуулдаг, суурь хуулиудыг оролддог үзэгдлийг таслан зогсоохыг шаардаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн энэ үеэр "Эдийн засгийн форумын үеэр үндэсний томоохон компаниудаа өр зээлтэй гэх мэтээр ярьсантай нь холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлцэл өчих шаардах бичиг хүргүүлсэн. Ерөнхий сайд Хонконг-д болсон Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр дахин болчимгүй, хариуцлагагүй үг хэлж, МАН гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг ажилладаг мэтээр ярьсан. МАН хэзээ ч хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж байгаагүй, харин ч хөхиүлэн дэмждэг. Ерөнхий сайдын энэ хариуцлагагүй мэдэгдэлтэй холбогдуулан намын зүгээс шаардлага хүргүүлнэ" гэсэн юм. 

Н.Гантуяа

 

 

 

相关新闻