Дугуйчин Б.Марал-Эрдэнэ дахин түрүүлж, шар цамцны эзэн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез улсад Азийн тур цуврал уралдааны ээлжит гараа болох “International Tour de Banyuwangi Ijen” уралдааны эхний гараа /2019.09.25/ явагдаж, манай дугуйчин Батмөнхийн Марал-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ.
Genteng - Banyuwangi-гийн хооронд 133.2 км-ын зайд болсон тус уралдаанд Б.Марал-Эрдэнэ 3 цаг 3 мин 36 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Дөрвөн гараатай тус уралдааны эхний өдөр 90 дугуйчин өрсөлдөж, манай тамирчин ийнхүү түрүүлж, шар цамцны эзэн болжээ. Өнөөдөр /2019.09.26/ уралдааны хоёр дахь гараа 148.2 км-ын зайд болно.
Олон улсын дугуйн холбоо (UCI)-ны хуваарьт багтдаг 2019 оны Азийн тур цуврал уралдаанууд өндөрлөх шатандаа ороод байна.
Монгол Улсын нэрт дугуйчин Ж.Өлзий-Орших агсны шавь ОУХМ Б.Марал-Эрдэнэ Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд Азийн оюутны АШТ-ээс хүрэл, багийн алтан медаль, 2016 онд залуучуудын Ази тивийн АШТ-ээс хувийн гараанд алтан медаль хүртэж байсан шилдэг дугуйчин юм.
Тэрбээр Малайз улсын “Terengganu Cycling Team” багийн өмнөөс уралдаж байна. Б.Марал-Эрдэнийн харъяалагддаг “Terengganu Cycling Team” баг энэ оны Азийн тур цуврал уралдааны 2 уралдаанд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлээд байгаа юм.