УИХ-ын нэр дэвшигчдийн 20 хувь нь залуучууд байх санал гарав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувь нь 30 хүртэлх насны залуучууд байх заалтыг Сонгуулийн тухай хуульд нэмж тусгуулахаар хуулийн төсөл санаачилж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд, тэр тусмаа хууль тогтоох байгууллагад залуусын төлөөлөл, тэдний дуу хоолой дутагдаж байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр цааш хэлэхдээ, "Хоёр долоо хоногийн өмнө хуралдсан Олон улсын парламентын 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг манай улс хэрэгжүүлэх бололцоотой хэмээн үзэж саналаа Засгийн газарт хүргүүлж байна. Парламентын түвшинд огт гишүүнчлэлгүй улс орны жагсаалтын 88-д манай улс багтсан байдаг. Иймээс улстөрийг залуужуулах, өөрчлөх хүрээнд тус санаачилгыг гаргасан" гэв.
-Залуучууд угаасаа хангалттай нэр дэвшиж байгаа гэж хараад байгаа?
-31 нас хүрсэн залуучуудыг дэлхийн жишгээр парламентад сонгосон хувь хоёр хувь байна. Гэтэл манай улс 0 хувьтай. Залуучууд нэр дэвших шатанд маш бага квоттой байна гэсэн үг. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр нэр дэвшиж байгаа хүний таван хүн тутмын нэг нь залуу хүн байхыг тусгасан.
-Залуучууд гэдгийг хэдэн нас гэж тооцож байна вэ?
-30-аас доош насыг хэлж байна. Энэ нь шинэ цаг үеийн бүх мэдрэмжийг гаргаж чадах нас юм.
-Хэдийгээр хуульчилж өгнө гэж байгаа ч улс төрд бэлтгэгдсэн 30-аас доош насны залуу боловсон хүчин хангалттай байгаа юу?
-Бид аливаа зүйлийг харанхуйгаар харах хэрэггүй. Залуучуудад парламентад сонгогдох эрхийг нь нээж өгөх хэрэгтэй.
-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг мөн ярьж байгаа гэсэн.
-Иргэний үнэмлэхийг 16 насандаа авдаг ч санал өгөх боломжгүй. Энэ асуудлыг бид цаашдаа ярих болно. Энэ тухай ард түмнээсээ асууж 16 настнуудын эрхийг нээх ёстой.
-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх боломж байгаа юу?
-Шинэ хуулийг өөрчлөх бүрэн боломжтой. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах гурван ч хуулийн төсөл яригдаж байгаа шүү дээ.
Б.Туул