Үзэсгэлэн худалдаагаар 80.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-23 18:18:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт жил бүрийн намар уламжлал болон зохиодог “Алтай түншлэл-2019” баруун бүсийн үзэсгэлэн худалдаагаар 80.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Есдүгээр сарын 20,21-ний өдрүүдэд тус аймгийн төв Алтай хотод зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 130 гаруй үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, нийтийн хоол зэрэг 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үзүүлэн сурталчилжээ. 

Баруун бүсийн аймгуудаас оролцогчид чацаргана, байгалийн жимс, жимсгэнэ, зөгийн гаралтай бүтээгдэхүүн зэрэг аймаг бүрийнхээ брэнд болсон бүтээгдэхүүнээр оролцсон юм. Тус үзэсгэлэн худалдааны 40 хувийг сүү цагаан идээ, 35 хувийг төмс, хүнсний ногоо, 15 хувийг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, үлдсэн 10 хувийг хүнсний болон бусад нэрийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна.

Мөн өдрүүдэд болсон “Үржлийн шилмэл мал” үзэсгэлэн худалдаанд Говь-Алтай аймгийн 16 сумын 60 гаруй малчин 259 толгой мал оролцож, 40 гаруй үржлийн шилмэл мал худалдан 14.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

相关新闻