“Эх орон дуудаж байна” 3000 залуусын цугларалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-23 10:16:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалтын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Залуу хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг цугларалтад Баян-Өндөр, Жаргалант сумын 3000 залуус оролцож гурван өдрийн турш цэргийн хээрийн сургалтад хамрагдсан юм.

Уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх 3000 залууст хандан үг хэлсэн юм. Тэрээр “Залуучууд та бүхэн эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлаж, ажил хөдөлмөрийг гололгүй хийж, эрдэм мэдлэг, боловсролыг эрхэм зорилгоо болгох хэрэгтэй. Бид энэ сайхан эх орондоо амар, тайван амьдрах боломжтой. Хамгийн чухал нь  залуучууд, та бидний эх орноо гэх сэтгэл юм. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 7.3 хувьд хүрч, валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 7.2 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж, ирээдүйн өв санд 313 тэрбум төгрөг хуримтлуулж чадсан. Ирэх жил энэ санд 1.5 их наяд төгрөг хуримтлуулна. Үүнийг 2030 оноос залуучууд та бүхний ирээдүйн төлөө ашиглахаар хадгалж байгаа юм. Эх орны чинь эдийн засаг өсч эхэллээ. Харин та бүхэн хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн юм.

Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн уг сургалтад идэвх, зүтгэлтэй оролцсон багуудад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн О.Содбилэг, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар шагналыг нь гардууллаа. Нэгдүгээр байрт Жаргалант сум, хоёрдугаар байрт Уртбулаг, гуравдугаар байрт Цагаанчулуут, дөрөвт Уурхайчин, тавт Эрдэнэ баг шалгарлаа.




                   

                               Орхон аймгийн үерийн даланг ЕСБХБ-ны санхүүжилтээр барина

“Эх орон дуудаж байна” цугларалт, сургалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НХХ-ийн сайд С.Чинзориг, аймгийн ИТХ, Засаг дарга нар иргэдтэй “Уурхайчин” соёлын ордны их танхимд уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монголчууд бид эрчим хүч, нефть, цемент, хүнс, гангаа өөрсдөө бүрэн үйлдвэрлэж чадвал эдийн засаг богино хугацаанд сэргэх боломжтой. Нефтийн үйлдвэр ашиглалтад орсноор монгол төгрөгөөр шатахуунаа худалдаж авна. Шатахуунд зарцуулж буй 1.5 тэрбум ам.доллар Монголдоо үлдэнэ. Арматурын төмрөө үйлдвэрлээд эхэлбэл бүтээн байгуулалтын зардал багасна гээд стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдээ төрөөс дэмжиж байна. Монгол Улс хөл дээрээ босоход 5 тэрбум ам.доллар л хэрэгтэй. Мөн Монгол Улсын 5 дайсан бол ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, залхуурал юм. Иймд үүнтэй төр засаг, иргэн бүр тэмцэх хэрэгтэй” гэлээ.

Үүний дараа иргэд асуулт асууж аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилаа. Тухайлбал, Орхон аймгийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэхийн тулд ЦРП 35 дэд станцын өргөтгөлийг барих, үерийн даланг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж  итгэлийн зээлийн хэмжээг нэмэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Эрдэнэт хотын статусыг сэргээх хэрэгтэй гэлээ.

Үүнд холбогдох дарга нар тайлбар хийж хариулт өгсөн. Тодруулбал, Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны санхүүжилт буюу 7 сая ам. долларын буцалтгүй тусламж, 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нийт 14 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр болсныг мэдээллээ.

Түүнчлэн 1А хорооллын дэд бүтцэд шаардлагатай байгаа 12 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр гаргах боломжийг судлах, ЦРП 35 өмнөдийн дэд станцыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт Эрчим хүчний яаман дээр гаргасан гээд иргэдийн асуулт бүрт хариулт өглөө.

Гурван цагийн турш үргэлжилсэн уг уулзалтын төсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эх орон тусгаар тогтнолын төлөө хүн бүр хичээн ажиллаж, ёс суртахуунтай байхыг уриалснаар өндөрлөсөн юм. 




相关新闻