БНХАУ 10 мянган тонн гахайн мах нөөцөөс гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-18 12:34:06

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ гахайн махны үнийг тогтворжуулж, гахайн тоо толгойн гуравны нэгийг устгахад хүргэсэн гахайн мялзан өвчний үүсгэсэн хямралыг зохицуулах зорилгоор энэ долоо хоногт төв нөөцийн сангаасаа 10 мянган тонн гахайн мах гаргахаар болжээ.


Хөлдөөсөн гахайн махыг пүрэв гарагийн үдэд Хятадын Бараа бүтээгдэхүүний нөөцийн менежментийн төвд цахим дуудлага худалдаанд оруулах ажээ. Худалдаалах гахайн махыг АНУ, Их Британи, Дани, Герман, Франц, Чили зэрэг улсаас импортолсон байна.


Гахайн махыг нөөцөөс гарган худалдаалахыг Хятадын Засгийн газрын харьяа байгууллагууд болох Худалдааны яам, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банкнаас үүрэг болгосон гэж Бараа бүтээгдэхүүний нөөцийн менежментийн төвөөс мэдээлжээ.


Цахим дуудлага худалдаанд оролцох сонирхолтой компаниуд урьдчилан бүртгүүлж, пүрэв гарагаас өмнө Худалдааны яамаар шалгуулах бөгөөд үнэ хаялцагч тус бүр 300 тонн гахайн мах худалдан авах боломжтой ажээ.


Бараа бүтээгдэхүүний нөөцийн менежментийн төв нь Хятадын стратегийн чухал ач холбогдол бүхий нөөцүүдийг хадгалан зохицуулдаг байна. Дэлхийн хамгийн томд тооцогддог Хятадын гахайн махны зах зээл Африкийн гахайн мялзан өвчинд нэрвэгдсэний улмаас өнгөрсөн онд 100 сая гаруй гахайг устгалд оруулжээ. Үүнтэй холбоотойгоор 2018 онд гахайн махны үнэ 50 орчим хувиар өссөн байна.


Гахайн мах нь Хятад хоолны гол түүхий эд болдог бөгөөд ирэх сарын эхээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болох гэж буйг тохиолдуулан гахайн махны хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Аливаа бүтээгдэхүүнийг нөөцөөс гарган худалдах ажиллагааг ихэвчлэн томоохон баяруудыг тохиолдуулан явуулдаг аж.


Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын дөрвөн хот, мужийн засаг захиргаа хөлдөөсөн гахайн махны нөөцөөсөө хэдийн худалдаалж эхэлсэн хэдий ч өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хятадын төв Засгийн газар анх удаа ийм шийдвэр гаргасан байна.


Хятадын Засгийн газар улам бүр дордож буй гахайн махны хямралыг зохицуулахын тулд нөөцийг ашиглахаас гадна бага орлоготой өрхүүдэд татаас олгож, зохиомол хээлтүүлэг хийх технологийг санхүүжүүлэхийг орон нутгийн засаг захиргаанаас хүсжээ.  

相关新闻